|
МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛ Монгол Улсын баатар цолны тухай Монгол Ардын хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан "Ардын хувьсгалт цэргийн дээд алдар цолыг буй болгох тухай" Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн 1936 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хамтарсан хурлын 14 дүгээр тогтоол гарчээ. Уг тогтоолын 2 дугаар зүйлд "Улсын баатар цолыг улсын ба ард түмний төлөө дайсан этгээдүүдийг онц баатарлагаар байлдан дарж цусан гавьяа байгуулсан хүмүүст шагнан олгох. Үүнд: Улсын баатар цолыг шагнахдаа Корпусыг командлан захирагчаас дээш тушаалын хүмүүст Улсын Бага Хурлаас, доош тушаалын хүмүүст Бүх цэргийн жанжнаас олгоно" гэж заажээ. Үүнээс үзвэл Улсын баатар цолыг бий болгохдоо цэргийн дээд алдар цолтой хамт анх баталсан байна. Түүнээс хойш нийт 56 хүнд Монгол Улсын баатар цол хүртээжээ. Улсын баатар цол үүнээс өмнө ч байсан бөгөөд Богд хаант төрийн үед Богд хаан 1912 онд зарлиг гаргаж баруун хязгаарыг түвшитгэн тогтоох цэргийн сайд Ж.Дамдинсүрэнд Манлайбаатар цол, С.Магсаржавт Хатанбаатар цол, олонд "Дэрмээн баатар" гэж алдаршсан М.Дорждэрэм болон Сэргэлэн, Пунцаг нарын лавтайяа 10 гаруй хүнд баатар цол хүртээж байжээ. Зарим судлаачид 100 гарүй хүнд баатар цол өгсөн гэж үздэг. Ардын хувьсгалын анхны жилүүдэд ч улсын баатар цолыг хүртээж байжээ. 1922 оны 9 дүгээр сарын 23-нд Ардын Засгийн газраас Монголын ард түмний өмнө байгуулсан их гавьяаг нь үнэлэн Дамдины Сүхбаатарт "Зоригт баатар" цол анх хүртээжээ. Мөн Монголын ард түмний 1911-1912 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгалын ялалтыг хангаж, Монгол цэргийг зохион байгуулалтын талаар бэхжүүлэх, Монгол, Зөвлөлтийн цэргийн нөхөрлөл, хамтын ажиллагааг зузаатгах үйл хэрэгт оруулсан гавьяа зүтгэлийг нь Ардын Засгийн газраас үнэлж 1924 оны 4 дүгээр сарын 24-нд Сандагдоржийн Магсаржавт "Ардын Хатанбаатар" цол хүртээсэн байна. Эдгээр хүмүүс нь манай улсын анхны баатрууд гэж зүй ёсоор хүндлэгдэж иржээ. Дээрхээс үламжлан Монгол Улсын баатар цол үүссэн байна. Монгол Улсын баатар цол хүртсэн 58 (Д.Сүхбаатар, С.Магсаржав нарыг оруулаад) хүний олонх нь 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, 1946-1948 онд улсын барүүн хилд болсон зэвсэгт тулгаралтад оролцож, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах үйл хэрэгт баатарлаг гавьяа байгуулсан хүмүүс ажээ. Монгол Улсын хошой баатар цол хүртсэн хүн нэг бөгөөд энэ нь 1939 онд Халхын голын байлдаан, 1945 онд чөлөөлөх дайнд Монгол ардын хувьсгалт цэргийг удирдан оролцож гавьяа байгуулсан ахмад хувьсгалч Хорлоогийн Чойбалсан юм. Түүнд 1941 онд "БНМАУ-ын шалгарсан баатар" цол, 1945 онд "БНМАУ-ын хошой баатар" цол хүртээжээ. Монгол Улсын батлан хамгаалах хүч чадлыг зузаатгах, тус улсын тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх үйлст төр, ард түмнийхээ өмнө гарамгай гавьяа байгуулсныг үнэлж нам, төрийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалд 1966 онд Монгол Улсын баатар цол хүртээжээ. Сансрын тойрог замын эрдэм шинжилгээний "Салют-6", "Союз Т-4", "Союз-39" цогцолборт Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийг амжилттай хэрэгжүүлэхэд гарамгай гавьяа байгуулж, эрэлхэг зориг гарган, баатарлаг үйлс бүтээснийг үнэлж "Союз-39" хөлгийн шинжлэн судлагч, Монгол Улсын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад 1981 онд Монгол Улсын баатар цол хүртээсэн байна. Монгол Улсын баатар цол хүртсэн эмэгтэй 2 /Т.Бор, Г.Цэнд/ баатар байна. Арав гаруй хүнд уг цолыг нэхэн олгожээ. Монгол Улсын баатар цол хүртэгсдийн дотор хуучин ЗХУ-ын нам, төр, цэргийн нэрт зүтгэлтэн болон сансрын нисэгч 18 хүн байна. Монгол Улсын баатар цол хүртсэн хүмүүсийг 1946 оныг хүртэл улсын баатрын тэмдэг, Цэргийн гавьяаны одонгоор шагнаж, үнэмлэх олгож байжээ. 1946 оноос Сүхбаатарын одонгоор шагнах болсон. Одоо улсын баатрын тэмдгийн оронд Улсын баатрын "Алтан таван хошуу" тэмдгээр шагнадаг. Ш.Хэнмэдэх, П.Төмөрбаатар Алдар гавьяатны өргөө 2007 он Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |