
/1917-1975/. Өвөрхангай аймгийн Гучин-Ус сум. Аж үйлдвэрийн комбинатын арьс ширний үйлдвэрийн ажилчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1959-03-11. №38/.
1937-1941 онд ардын цэргийн алба хааж 1939 онд Халхын голын байлдаанд оролцсон ахмад дайчин тэрбээр 1945 оны сүүлчээс Аж үйлдвэрийн комбинатын булигаарын завод, том ширний үйлдвэрт тасралтгүй 30 шахам жил ажиллахдаа анхдугаар таван жил /1948-1952/ 10 жил, хоёрдугаар таван жил /1953-1957/ 9 жилийн ажил хийж, 1958 онд 2 жилийн, ер нь улсад ажилласан хугацааныхаа эхний 16 жилд 32 жилийн ажил хийж, дараачийн жилүүдэд үйлдвэрийнхээ чанар шалгагчаар идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан байна. Ардын Их Хурлын депутатаар 2 удаа сонгогдож, МАХН-ын болон МҮЭ-ийн 3 удаагийн их хуралд төлөөлөгчөөр оролцож бүгд хурлынх нь гишүүнээр 3 удаа, мөн ХТАЗ-ий хорооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдож байжээ. Сүхбаатарын одон, бусад одон, медалиудаар шагнагджээ.