
/1933/. Төв аймгийн Жаргалант сум. Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн комбайнч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1959-07-10. №118/.
1952 онд тракторч-комбайнчийн 2 сарын дамжаанд суралцаж мэргэжилтэй болж төрөлх нутгийнхаа сангийн аж ахуйд, хожим хөдөлмөрийн баатар болсон Ц.Шатарын туслахаар ажилд орж газар тариалангийн үйлдвэрлэлд оролцож эхэлсэн байна. Хоёр дахь жилээсээ бие дааж ажиллан жил бүрийн норм төлөвлөгөөгөө 136,4-өөс дээш хувиар биелүүлж байсны дотор 1958 онд ажлын 15 хоног “С-6” комбайнаар 240 га-гийн тариа хадах төлөвлөгөөг 2 илүү дахин давуулан биелүүлж хоёр хүний ажил хийсэн бол 1959 онд 490 га-гийн тариа хурааж төлөвлөгөөгөө ихээхэн давуулан биелүүлж, 1342 литр шатахуун хэмнэж, 1960 онд ажлын 18 хоногт 845 га талбайгаас 6571 центнер ургац хурааж, 1208 литр шатахуун хэмнэж бахдам амжилт гаргажээ. Оройн сургуулиар бүрэн дунд боловсролтой болж, 1966-1971 онд ХААИС-д суралцаж инженерийн мэргэжил эзэмшээд сургуульдаа үлдэж багш, тэнхмийн эрхлэгчээр олон жил ажилласан байна. МХЗЭ-ийн XII их хуралд төлөөлөгчөөр оролцож Эвлэлийн Төв Хорооны гишүүнээр сонгогдож байжээ. Сүхбаатарын одонгоор 2 удаа, бусад одон, медалиудаар шагнагджээ.