|
ЧУЛУУНБААТАР Жамбын /1933/. Баянхонгор аймгийн Баянбулаг сум. Сэлэнгэ аймгийн Ерөөгийн модон заводын тракторч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1961-02-15. №37/. 1950 онд Сэлэнгэ аймгийн Ерөөгийн Г.Бумцэндийн нэрэмжит мод бэлтгэлийн аж ахуйд /тэр үед модон завод нэртэй байжээ/ ирж мод бэлтгэгч, салчин, уулын тракторчин, мастер, Улаанбаатар хотын Мод боловсруулах комбинатад зөвлөх мастер, механикч, тракторч, хөдөлмөр хамгааллын байцаагч зэрэг ажлыг хийжээ. Ерөөд байхдаа 1951 онд Б.Дашзэгвэ /хожим хөдөлмөрийн баатар болсон/-тэй нэг баг болж түүнд шавь орж ажиллан улмаар уулын тракторчны мэргэжил эзэмшиж 1955 оны 8 дугаар сард авсан “ТДТ-40” маркийн тракторыг 1969 он болтол барихдаа их, дунд засваргүйгээр 8000 мотор цаг ажиллуулж, 60 мянга гаруй шоо метр гуалин цагаалж, эдэлгээний нормыг хоёр дахин давуулж, 1969 онд авсан “ТДТ-60” маркийн трактораараа 250 мянган шоо метр гуалин цагаалж их, дунд засваргүйгээр эдэлгээний нормыг 2,5 дахин давуулж урьдын амжилтаа ахиулан бататгажээ. Ой модны аж үйлдвэрийн салбарт 40 шахам жил ажиллахдаа техникийн хүчин чадлыг дүүрэн ашиглаж, норм төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж, үйлдвэрлэлийн чанар, үр ашгийг дээшлүүлж, олон хүнийг ажилдаа дагалдуулан сургаж дадлагажуулсан байна. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |