
/1911-1988/. Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, мөн аймгийн Мандах сумын харьяат. Дорноговь аймгийн Мандах сумын “Социализмын зам” нэгдлийн тэмээчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1961-11-03. №282/.
1929-1931 онд худаг усны хайгуулын экспедицид ажилчин, 1931 оноос Дорноговь аймгийн Мандах суманд малчин, 1956 оноос сумынхаа “Социализмын зам” нэгдлийн тэмээчин, 1978 оноос зөвлөх малчнаар ажиллажээ. 1956-1979 онд 24 жил тэмээ маллахдаа анх хүлээж авсан 141 тэмээгээ үр төлөөр өсгөсөөр 1969 онд 1004 толгойд хүргэж, ашиг шимийн даалгавруудыг давуулан биелүүлж, сүүлийн жилүүддээ 800-1000 тэмээ маллаж байжээ. Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогджээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.