
/1921-2000/. Ховд аймгийн Мөст сум. Ховд аймгийн авто баазын үйлчилгээний хэсгийн жолооч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1961-11-14. №291/.
Орон нутагтаа эцэг, эхийн хамт мал маллаж, өртөөний улаа нэхэх зэргээр аж төрж байгаад 1940-1945 онд цэргийн алба хаахдаа армид жолоочийн мэргэжил эзэмшжээ. 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин. 1947 оноос Ховд аймгийн авто тээврийн IV баазад жолооч, механикч, хэсгийн даргаар 41 жил ажиллаад 1988 онд насны тэтгэвэрт гарчээ. Бааздаа социалист хөдөлмөрийн бригадын хөдөлгөөнийг санаачлан өрнүүлж, жил бүрийн ачаа тээврийн төлөвлөгөөг тогтмол биелүүлж, резин дугуй, сэлбэг, шатах тослох материалаас ихээхэн хэмнэлтийг байнга гаргаж хөдөлмөрийн бахдам амжилтын эзэн болсон, хамт олондоо үлгэр нөлөө, түшиг нөмөртэй алдарт тээвэрчин байжээ. Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогдсон байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, медалиудаар шагнагджээ.