
/1892-нас барсан/. БНХАУ-ын Жели муж. Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн агротехникч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1962-11-28. №196/.
Манж дайчин улсын эзэнт төр унаж дотоодын үймээн самуун ихэссэн үед амар түвшин газар эрж нутгаасаа гарч Монгол оронд ирж суурьшсан хятад үндэстэн энэ эр 1927 онд Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн үүсгэл аж ахуйд ногоочноор орж, арга туршлагаараа бусдаас шалгарч ерөнхий агрономич болж дэвшсэн бөгөөд 1956 оноос сангийн аж ахуйн ногооны агротехникчээр ажиллажээ. Монгол орны уур амьсгал, хөрс шороог нэвтэрхий мэдэх болсон тэрбээр 1943 оноос орон нутгийн онцлогт тохирсон хүнсний ногооны үр бий болгох ажлыг туршин үр дүнд хүрч гаднаас үр худалдаж авахгүй болгож, газар тариалангийн хүнд хүчир хөдөлмөрийг хөнгөвчлөн задгай аргаар үрсэлгээ хийж, арчилгаа тордлогыг эрс сайжруулж ургацыг нэмэгдүүлсэн, галладаггүй сэрүүн зоорь санаачлан бүтээж төмс, хүнсний ногоог өвлийн улиралд хадгалж хөлдөж муудахаас хамгаалсан, сонгиныг өвөлжүүлэн дарж хавар эрт хурааж төв сууриныхныг шинэ ургацаар хангадаг болгосон, газар тариалангийн үйлдвэрлэлд олон хүнийг сургаж дадлагажуулсан гавьяатай ажээ. Хүнсний төрөл бүрийн ногооны гар болон морин ажиллагааг механикжуулж хөдөлмөрийг хөнгөвчилснөөр 1,5 сая төгрөгийн ашгийг аж ахуйдаа оруулсан, сүүлийн жилүүддээ төлөвлөгөөнөөс 295-513 тонн төмс илүү хураасан байна. Сүхбаатарын одонгоор хоёр удаа шагнагджээ.