
/1916-1997/. Говь-Алтай аймгийн Шарга сум. Говь-Алтай аймгийн Халиун сум, нэгдлийн дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1966-02-10. №13/.
Орон нутагтаа 20 нас хүртлээ мал маллаж байгаад 1936 онд цэргийн албанд явж эх орны баруун, зүүн хоёр хязгаарт хилийн соргог манаач байхдаа Халхын голын байлдаан, Байтаг богдын тулалдаанд оролцсон ахмад дайчин. Цэргээс халагдаад нутагтаа очиж сумын захиргааны нарийн бичгийн даргаар хэдэн жил ажиллаад Намын дээд сургуульд элсэн суралцаж төгсөөд Говь-Алтай, Өвөрхангай аймагт цэргийн хэлтсийн дарга, Өвөрхангай, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн захиргааны орлогч даргын хариуцлагатай албыг хашаад 1956 оноос саналаараа хөдөө аж ахуйн нэгдэлд очиж ажилласан байна. Говь-Алтай аймгийн Шарга, Халиун, Тайшир сум, нэгдлийн дарга, Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны Дээд зөвлөл, Говь-Алтай аймгийн нэгдэл дундын хоршооны зөвлөгчөөр ажилласан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг удирдан зохион байгуулах арвин их туршлага хуримтлуулсан шилдэг дарга байжээ. Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа, МАХН-ын их хурлуудад төлөөлөгчөөр оролцож Намын Төв Хорооны гишүүнээр гурван удаа сонгогджээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус бүр хоёр удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиуд, хөдөө аж ахуй, соёл, залуучуудын байгууллагын тэргүүний ажилтан цол, тэмдгүүдээр шагнагджээ.