|
ДОРЖНАМЖИЛ Сонын /1931/. Сүхбаатар аймгийн Онгон сум. УБТЗ-ын илчит тэрэгний машинч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1970-12-08. №208/. Бүрэн дунд сургууль төгсөөд хөдөө гарч мал маллаж, ан гөрөө хийж аж төрж байгаад цэргийн албанд явж хугацаат үүргийг гүйцээгээд 1954 онд төмөр замын сургууль комбинатад орж суралцан илчит тэрэгний туслах машинч мэргэжилтэй болсон байна. Дорнод аймгийн төмөр замд 1955-1957 онд, Улаанбаатар төмөр замд 1957 оноос хойш илчит тэрэгний машинчаар ажиллангаа Төмөр замын техникумыг төгсгөжээ. Илчит тэрэгний машинчаар 14 жил ажиллахдаа нэг сая км зам туулж, 300-гаад удаа хүнд ачаатай илчит тэрэг жолоодож нормоос 60 орчим мянган тонн ачааг илүү тээвэрлэсний гадна 1000 гаруй удаа суудлын илчит тэрэг жолоодож осол зөрчилгүй ажиллаад зааварлагч машинч болж арвин баялаг арга туршлагаа шинэ залуу машинчдад зааж ажил мэргэжилд нь дадлагажуулжээ. Говийн барьсан мод үзэгдэхгүй харанхуйлсан элсэн шуурга, хангайн үерт эвдэрсэн зам зэрэг удаа дараагийн гамшигт үед сүйрлээс олон хүний амь нас, улсын үлэмж хэмжээний эд хөрөнгийг аварч гарамгай гавьяа байгуулж “Шударга журам” медалиар шагнагдсан байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН, МҮЭ-ийн их хурлуудад төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, бусад одон, медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |