
/1932-1997/. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1971-06-03. №106/.
1956 онд нэгдлийн малчин болж хонь, адуу маллаж байгаад 1960-1965 онд адуугаа дагнаж, анх авсан 320 адуугаа үр төлөөр нь 1000 гаруй болгожээ. 1966 оноос төллөх бог мал хариуцаж 1968 онд 523 хониноос 553 хурга, 220 ямаанаас 248 ишиг бойжуулж улсын аварга малчин болсон амжилтаа 1969, 1970 онуудад бататган IV таван жилд 866 толгой эм хонь, ямаа маллаж 100 эм хониноос 107-109 хурга, мөн төдий эм ямаанаас 118-120 ишиг бойжуулж бахдам амжилт гаргажээ. Дорнын их талд ховор юмны нэг чулууг 20 гаруй км газраас зөөж 2 хашаа барьж 3 худаг ус гаргаж суурийнхаа материаллаг нөхцөлийг сайжруулжээ. МАХН-ын XVI их хуралд төлөөлөгчөөр оролцож, Сүхбаатарын одон, бусад одон, медалиудаар шагнагджээ.