
/1924-1989/. Завхан аймгийн Сантмаргац сум. Завхан аймгийн Сантмаргац сум, нэгдлийн дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1971-06-03. №106/.
Бага наснаасаа мал маллаж байгаад цэргийн алба хаасны дараа 1947 оноос төрөлх сумынхаа гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга, Сонгино, Сантмаргац сум, нэгдлийн дарга, 1981 оноос Улаанбаатар хотын Гацууртын сангийн аж ахуйн даргаар ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. Сантмаргац сум, нэгдлийг 1954 онд хүлээн авч 27 жил удирдахдаа 1965-1971 оны хооронд улсын тэргүүний нэгдлийн болзлыг дөрвөн удаа хангасан хөдөө аж ахуйн чадамгай зохион байгуулагч байжээ. Түүний удирдсан сум, нэгдлийн дотоод ажил, хөдөлмөрчдийн идэвх санаачилгыг өрнүүлдэг туршлагыг улсын нийт суманд нэвтрүүлэх талаар 1970 онд Сайд нарын Зөвлөлөөс шийдвэр гаргасан байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ