|
САМБУУ-ЁНДОН Лувсанпунцагийн /1923/. Архангай аймгийн Жаргалант сум. Авто тээврийн I баазын жолооч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1971-07-02. №133/. Орон нутагтаа малчин, гар үйлдвэрийн артелийн мужаан зэрэг ажил хийж байгаад 1943 онд цэргийн албанд очиж, тэнд түргэвчилсэн сургалтаар жолоочийн мэргэжилтэй болжээ. 1945 оны чөлөөлөх дайнд жолоочоор оролцсон ахмад дайчин. 1948 онд цэргээс халагдаж Архангай аймагтаа очиж нэг жил жолооч хийгээд дэвшиж гараашийн дарга, ерөнхий механикчаар таван жил ажиллажээ. 1953 онд хуучин “ЗиС-5” машин авч 100 мянга, дараа нь “ЗиС-150” машин авч 300 мянган км явуулж, 1964 оноос саятны хөдөлгөөнийг анх санаачилсан нь авто тээврийн салбарыг хамарсан үйлс болсон байна. 1961-1970 он буюу III, IV таван жилд 19 жил 9 сарын ажил хийжээ. Архангай аймгийн VI, нийслэлийн хот хоорондын тээврийн нэгдүгээр баазад саятны бригад ахлаж ажиллан дөрвөн удаагийн саятан болсон байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, “Алтан гадас” одон, медалиуд, “Онц тээвэрчин”, ЗХУ-ын /хуучин нэрээр/ Хүндэт тээвэрчин цол, тэмдгээр шагнагджээ. “Саятны уянга” хэмээх дурдатгалын ном бичиж 1988 онд Улаанбаатарт хэвлүүлжээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |