
/1937-1988/. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум. Төв аймгийн Батсүмбэрийн сангийн аж ахуйн ногоочин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1971-07-02. №133/. Эмэгтэй.
Төв аймгийн Батсүмбэрийн сангийн аж ахуйд 1953 оноос малчин, дараа жилээс нь ногоочноор ажиллаж 1987 онд насны тэтгэвэрт гарчээ. Өөрийн багш алдарт ногоочин Д.Долгорын арга туршлагыг баяжуулан хэрэглэж багшийгаа залгамжилсан энэ ногоочин хүнсний ногооны га тутмаас авах нормыг 2-3 дахин давуулж, 48-75 тонн ургац хурааж хөдөлмөрийн бахдам амжилтын эзэн болсон байна. Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогдож, МАХН-ын их хуралд төлөөлөгчөөр оролцож байжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, “Алдарт эх” I, II одон, ойн хүндэт медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ. Хөдөлмөрийн баатар Ж.Пүрвээгийн эхнэр.