
/1942/. Завхан аймгийн Сонгино сум. Улаанбаатар хотын Барилгын трестийн нэгдсэн бригадын дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1976-12-22. №270/.
Улаанбаатарт бага сургууль төгсөөд Төв аймгийн Архустайн аж ахуйд хоньчноор 1956-1962 онд ажиллаж, цэргийн албанд 1962 онд татагдаж, Дархан хотын бүтээн байгуулалтад оролцож байхдаа оройгоор 3 сарын дамжаанд суралцаж өрөгч мэргэжилтэй болжээ. Цэргээс 1965 онд халагдаад Улаанбаатар хотын барилга трестэд саналаараа ирж төрөлжсөн болон нэгдсэн бригадын даргаар ажилласан байна. Анх 15 хүнтэй бригад байгуулж хүн бүр 2-3 мэргэжлээр ажиллаж байгаад бригадаа томруулж 50 гаруй хүнтэй нэгдсэн бригад болгож 1975 онд аж ахуйн тооцоонд оруулж өрөх, угсрах, мужааны болон засал чимэглэлийн ажлыг өөрсдөө хийдэг болжээ. Барьсан барилгуудаа чанарын сайн, онц үнэлгээтэй хүлээлгэн өгч, VI таван жилийн төлөвлөгөөг 103 хувь биелүүлж байсан алдарт барилгачин ажээ. Системийн болон улсын аварга бригадын болзлыг биелүүлж БНБАУ-д бригадаараа очиж тэндхийн барилгачдын туршлагаас суралцжээ. Зах зээлд орсноос хойш “Өгөөж хишиг” компани байгуулаад ажиллаж байна. МАХН-ын XVI, XVII, МХЗЭ-ийн XIII, XI их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ. Түүний ажлын арга туршлагаар Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамнаас тусгай товхимол хэвлүүлсэн байна.