
/1941/. Булган аймгийн Сэлэнгэ сум. Зам гүүрийн барилга трестийн төмөр бетон гүүрийн даамал байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1976-12-22. №270/.
Төмөр замын техникумын зам, гүүрийн барилгын ангийг 1960 онд төгсөөд Ховд аймагт хуваарилагдан очиж замын техникчээр хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Цэргийн насны залуучуудаар хүч нэмж Ховд аймгийн Үенчийн хавцал, Урд Улаан давааг засч 50 км зам тавьж, Алтайн нурууны цаад гурван суманд очих замын бэрхшээлийг арилгаснаас эхлээд зам гүүрийн хүнд хүчир ажилд мэргэжиж улс орны дэд бүтцийн хөгжилд олон жилийн хүч хөдөлмөрөө зориулсан байна. Туул гол дээр л гэхэд Зайсан, Таван толгой, Лүн, Заамар, Туул-Овоотын 5 том гүүр, Хэрлэн, Орхон, Сэлэнгэ зэрэг томоохон гол, мөрөн дээр 136-336 метр урт олон том гүүр барилцжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, ойн медалиудаар шагнагджээ.