
/1919-1995/. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум. Өвөрхангай аймгийн Хархорины сангийн аж ахуйн дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1977-12-29. №242/.
Улаанбаатар хотод үлгэр жишээ дунд сургууль, Нисэхийн дунд сургууль, Намын дээд сургууль төгссөн. 1938 оноос цэргийн нисэх хүчинд техникч, улс төрийн орлогч, 1953 оноос аймгийн намын хороонд лектор, хэлтсийн эрхлэгч, нарийн бичгийн дарга, 1965 оноос Өвөрхангай аймгийн Хархорины сангийн аж ахуйн дарга зэрэг алба ажлыг олон жил хашжээ. Нэг га-гаас авах ургацыг 12-14 центнер хүртэл нэмэгдүүлж, туулай тахиа, гахай, зөгийн зэрэг туслах аж ахуйг хөгжүүлж, 1970 оноос төлөвлөлт, урамшууллын шинэ системийг нэвтрүүлж, салбар, нэгж бүрийг аж ахуйн тооцоон дээр ажиллуулсан зэргээр аж ахуйг эрхлэн хөтлөх үйлст өндөр амжилт гаргасан байна. Улс орныг батлан хамгаалах болон хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрийн хамт олныг төлөвшүүлэхэд идэвх зүтгэл, үр бүтээл гаргасан зохион байгуулагч, удирдах ажилтан байжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, цэргийн болон хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.