|
АДЪШААЖАВ Сандагийн /1934-1995/. Завхан аймгийн Алдархаан сум. Завхан аймгийн Отгон сум, нэгдлийн дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1979-12-01. №366/. ХААДС-ийг 1964 онд төгссөн. Зоотехникч мэргэжилтэй. 1966-1983 онд Завхан аймгийн Намын хорооны зааварлагч, лектор, Цэцэн-Уул, Отгон сум, нэгдлийн дарга, 1984-1990 онд Хомын талын үйлдвэрлэл, туршлагын станцын дарга, 1990 оноос Алдархаан сумын нэгдлийн даргаар ажилласан байна. Ажлаараа аймагтаа хоцорч байсан Отгон сумыг цөөн жилд өөд татаж улсын тэргүүний сум болгож төв дөрвөн байгууллагын шилжин явах тугийг 3 жил дараалан авч үүрд хадгалж, “Алтан гадас” одонт хамт олон болгожээ. Хөдөлмөрийн хамт олныг чадварлаг зохион байгуулж, идэвх санаачилгыг нь өрнүүлж, хүн бүрт хүрч ажиллаж чаддаг удирдлага, аж ахуйн нарийн аргатай хүн байжээ. Ардын Их Хурлын депутатаар 3 удаа сонгогдож, 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан байна. МАХН, МХЗЭ-ийн их хурлуудад төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70 жилийн ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |