
/1927/. Архангай аймгийн Мөрөн сум. Сонгинын шувуун фабрикийн зөвлөх шувуучин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1981-07-09. №232/. Эмэгтэй.
Улаанбаатар хотын Сонгино дахь Шувууны фабрикт 1964 оноос дэгдээхэй маллагч, 1979 оноос зөвлөх шувуучнаар ажиллажээ. Дунджаар 36 грамм жинтэй дэгдээхэйг хүлээн авч эхний долоо хоногт сул дорой, цовоо сэргэлэн, товир, давжаагаар нь ангилан ялгаж туниа муу, жижгийг нь онцлон анхаарч тусгайд нь хооллож, арчилж нийтэд нь хоолыг нь бага багаар тасалдуулалгүй өгч торниулан өсгөдөг онцлог аргаар ажиллан, зөвхөн V таван жилд гэхэд л төлөвлөгөөнөөсөө 5000 дэгдээхэй илүү бойжуулж, 7104 кг мах давуулан тушааж, улсад 39,2 мянган төгрөгийн цэвэр ашиг оруулж байжээ. Олон залуу ажилчинг дэгдээхэй маллах арга ажиллагаанд сургаж дадлагажуулжээ. Улсын аварга малчин. МАХН-ын XVI их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, медалиудаар шагнагджээ. УГЖ С.Сүглэгмаагийн төрсөн эгч.