
/1933/. Говь-Алтай аймгийн Шарга сум. Нийтийн аж ахуйн техник туслалцааны барилга угсралтын ерөнхий газрын бригадын дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1986-04-03. №78/.
Цэргийн албыг барилгын цэрэгт хаасныхаа дараа Улаанбаатар хотын төв цахилгаан комбинатад ажилчин болж, улмаар ЗХУ-ын /хуучин нэрээр/ ТМС-д 2 жил суралцаж ирээд 1964 оноос Улаанбаатар хотын барилга трестэд даамал, мастер, анги, бригадын дарга, Нийтийн аж ахуйн техник туслалцааны барилга угсралтын ерөнхий газарт бригадын даргаар тасралтгүй ажиллажээ. VI, VII таван жилд 16 томоохон объектыг ашиглалтад хугацаанаас нь өмнө оруулж, газрын гүнд дунджаар 3 метрт дулаан, цэвэр усны шугам сүлжээний олон арван ажлыг чанарын өндөр үзүүлэлттэй хийж, 15 жил 9 сарын ажил гүйцэтгэсэн жишээлэнгээр хөдөлмөрийн бахдам амжилт гаргаж энэ эрхэм хүндэт алдар цолыг хүртсэн байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хошой “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.