
/1944/. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум. Дорноговь аймгийн барилгын “Баянбогд” нэгтгэлийн нимгэн төмөрчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1991-02-27. №39/.
Ардын цэргийн албыг хаасныхаа дараа барилгачин болж Улаанбаатар хотод ажиллаж байгаад ЗХУ-ын /хуучин нэрээр/ Кемерово хотод очиж барилгын ТМС-д суралцаж барилгын төмөр эдлэл, салхивчийн мэргэжил эзэмшжээ. Тэндээс ирээд Дорноговь аймгийн Барилга угсралтын конторт төмөрчнөөр ажиллаж 1970-1990 оны хоорондох 20 жилд 60 жилийн ажил хийж хөдөлмөрийн гарамгай амжилт гаргаж энэ эрхэм хүндэт алдар цол хүртсэн байна. Нарийн элсний цахилгаан болон механик шигшүүр, бетон адар, тоосгон хана цоологч, нимгэн төмрийг олноор нь зэрэг нугалагч зэрэг 140-өөд шинэ бүтээл, оновчтой санал гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Мэргэжлийн өндөр ур чадвартай учир төрийн ордон, “Чингис” зочид буудал, нэлээд аймагт уригдан очиж ажилласан байна. 1971-1990 оны 20 жилд 100,9 мянган төгрөгийн хэмнэлт гаргасан ажээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.