
/1934/. Говь-Алтай аймгийн Төгрөг сум. Мал эмнэлгийн биобэлдмэл шалгах улсын нэгдсэн лабораторийн зөвлөх эмч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1993-09-30. №85/, Төрийн шагналт /1981/.
Мал эмнэлгийн техникум, МУИС төгссөн. Малын их эмч мэргэжилтэй. 1950-1952 онд Өмнөговь аймгийн Хүрмэн, Аргалант суманд малын бага эмч, салбарын эрхлэгч, 1957-1959 онд Говь-Алтай аймагт сум дундын мал эмнэлгийн тасгийн эрхлэгч, 1959-1961 онд мөн аймаг дахь аймаг дундын мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч, 1961-1964 онд Хөдөө аж ахуйн яамны мал эмнэлгийн хэлтэст байцаагч их эмч, 1964 онд Сонгинын Био үйлдвэрийн Улсын шалгах лабораторийн эрхлэгч их эмч, 1965-1992 онд мөн үйлдвэрийн вирус цехийн эрхлэгч, их эмч, 1992-1998 онд МЭБШ нэгдсэн лабораторийн зөвлөх эмчээр ажиллаад насны тэтгэвэрт гарсан байна. Төрөл бүрийн амьтны эрхтэн эдээс эсийн өсгөвөр бэлтгэж хэд хэдэн шинэ технологи боловсруулж, малын эмийн үйлдвэрлэлд нэвтрүүлсний дотроос “Хонины цэцгийн эсийн өсгөвөрт вирус бэлтгэх технологи”-оороо 1985 онд, “Бог малын аденовирусын эмчилгээний ийлдэс бэлтгэх технологи”-оороо 1988 онд олон улсын үзэсгэлэнгийн алтан медаль авсан байна. Монгол Улсад анх биотехнологийн эх суурь болох эс өсгөвөрлөх технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж үхрийн мялзан, хонины цэцэг өвчнийг эсэргүүцэх вакцины үйлдвэрлэлийн технологийг өөрчлөн эсийн өсгөврөөр хийж, туршилт судалгаанд хэрэглэн олон арван үхэр, хонийг хэмнэж 1981 онд төрийн шагнал хүртсэн байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.