
/1941/. Ховд аймгийн Цэцэг сум. Ховд аймгийн Эрчим хүчний барилга угсралтын “Алтай” трестийн дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1997-12-18. №87/.
ЗХУ-д /хуучин нэрээр/ Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг 1967 онд цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. Төвийн эрчим хүчний борлуулах газар, Улаанбаатар хотын цахилгаан шугам сүлжээний газарт ерөнхий инженер, орлогч дарга, 1993 оноос Ховд аймаг дахь эрчим хүчний барилга угсралтын “Алтай” трестийн даргаар ажиллажээ. Цахилгаан эрчим хүчийг ашиглах талаар хэд хэдэн дүрэм боловсруулж, 1968 онд анх удаа цахилгаан тоолуурыг засварлах, тохируулах, шалгах лабораторийг байгуулсан нь эрчим хүчний туршилт тохируулгын үйлдвэрийн нэг томоохон цех болж өргөжсөн, Булган, Өвөрхангай, Дорноговь аймгийн төвийг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд, Увс, Баян-Өлгий аймгийн төвийг ОХУ-ын Красноярскийн эрчим хүчний сүлжээнд холбох, 10 гаруй аймгийн төв, суурин газруудад 130 мянган квТ нийлбэр хүчин чадалтай 192 дизель станцыг суурилуулах, 30 гаруй дэд станцыг шинээр угсрах, 70 гаруй сумын бригадын төвийг цахилгаанжуулахад оролцож 1980-1984 онд Эрдэнэт-Булган, Сансар-Хархорины 110 квТ-ын хоёр хэлхээт 400 км шугамыг дэд өртөөнүүдийн хамт бариулж, 1983-1993 оны хоорондох 10 жилд 1000 гаруй объектод ажиллаж, 90 хувийг нь чанарын онц үнэлгээтэй ашиглалтад өгсөн байна. Увс аймгийн Сагиль сумын нутгаас улсын хил хүртэл Зөвлөлтийн /хуучин нэрээр/ нөхдүүд барьсан 220 квТ-ын 25 км шугамын 46 метр өндөр 16 тн жинтэй төмөр тулгууруудыг эвдрэл гэмтэлгүй буулгаж өөр газар шилжүүлж барьж ашиглах технологийг хэсэг нөхдийн хамт боловсруулж шинэ бүтээлийн патент авсан байна. Үүнээс зөвхөн “АС-300” маркийн хөнгөн цагаан утсыг нь гэхэд л эргүүлж ашигласнаар тухайн үеийн ханшаар 152 сая төгрөгийн хэмнэлт гарсан жишээлэнгээр их ашиг оруулсан үр өгөөжтэй ажил болсон байна. Сүхбаатарын одон, бусад одон, медалиар шагнагджээ.