Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГОМБОСҮРЭН Гомбожавын
/1918-2004/. Төв аймгийн Бүрэн сум. ҮЖАТ-ын ахмад жүжигчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /2001-11-21. №81/, Ардын жүжигчин /1968-02-23. №16/, Гавьяат жүжигчин /1956-11-12. №194/, Төрийн шагналт /1964/.
    Улс төрийн дээд сургууль төгссөн. Орон нутагтаа малчин, Улаанбаатар хотод Аж үйлдвэрийн комбинатад халуун төмрийн лантуучин, моторчин, Галын аюулаас хамгаалах хэлтэст жолоочоор ажиллаад 1942 оноос хойш УДАТ-т жүжигчнээр насны тэтгэвэрт гартлаа ажиллажээ. Анх “Хатанбаатар Магсаржав” жүжгийн цагаантны офицер болж тоглосноос хойш К.Симоновын “Орос хүн”-ий Смирнов, “Оросын асуудал”-ын Макферсон, Д.Нацагдорж, Б.Дамдинсүрэн нарын “Учиртай гурван толгой”-н Юндэн, Ч.Чимидийн “Яндангийн дуу”-гийн Жарантай, Л.Ванганы “Арвайхээрийн талд”-ын Тавхай, В.Шекспирийн “Гамлет”-ын Клавдий, Э.Войничийн “Овод”-ын Монтанилло, М.Горькийн “Егор Булычев”-ын  Булычев, М.Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь”-ийн Нагульнов, “Цогт тайж”-ийн Арслан тайж, “Нүгэл буян”-ы Шагдар, “Энэ хүүхнүүд үү”-гийн нэгдлийн дарга зэрэг тайз, дэлгэцийн 220 орчим дүрийг бүтээж В.Шекспирийн “Отелло”-гийн Отелло, “Лир ван”-ы Лир ваны дүрээр төрийн шагнал хүртсэн байна. ЗХУ-ын /хуучин нэрээр/ М.Горькийн нэрэмжит кино студийн урилгаар “Буцаж ирсэн нь” хэмээн түүхэн кинонд доголон Төмөр хааны дүрийг бүтээсэн байна. Өсвөр ирээдүй, хойч үеийнхний сүлд модны наадамд  60 гаруй жил өвлийн өвгөний дүрийг бүтээж баясган цэнгүүлжээ. Өөрөө  20 гаруй жүжиг найруулан тавьсны гадна 1993 оноос “Есөн эрдэнэ” ардын бага театр байгуулан, Францын нэрт зохиолч Мольерын “Аргагүйн эрхэнд эмч”, Д.Гармаагийн “Халзан Тавхайн паян” зэрэг зохиолуудаас бүрдсэн “Гэрэл сүүдэр” жүжгүүдийг найруулан тоглуулсан байна. Дэндүү итгэмтгий Отелло, үймээнч Будамшуу, арчаагүй өрөвдөлтэй Лир ван гээд түмэн янзын дүрд хувирч чадсан энэ хүн сэтгэхүйг илчилсэн уран үйлчлэл, чөлөөт хөдөлгөөн, хурц сайхан хэллэгээрээ дүрээ үнэн санаанаасаа амьдруулж өөрийн болгож тоглодгоороо онцгой авьяастай байжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 25, 40, 50 жилийн ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats