
/1952/. Хөвсгөл аймгийн Жаргалант сум. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын малчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /2004-02-12. №10/, Хөдөө аж ахуйн гавьяат зүтгэлтэн /1991-07-05. №161/.
1968 онд буюу 16 настайдаа нэгдлийн 450-иад хонь анх авч маллан үр төлөөр нь өсгөж түм гаруй тоо толгойд хүргэсэн, нэгдэл хувьчлагдаж тарахад амины 100 хүрэхгүй толгой малтайгаар зах зээлд орж хонио нутгийн шилмэл омгийн “Дархад” хуцаар, ямаагаа “Эрчим” омгийн ухнаар, адуугаа Тэсийн азаргаар сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлж, үр төлөөр нь өсгөж мянгат малчин болжээ. Ердөө 28 кг жинтэй, 3-4 хүний багтаамжтай, эвхээд мотоцикльд ганзагалаад явчихдаг брезентэн сууц, хадуурын жижиг мотороор ажилладаг ноос сэмлэх, цэвэрлэх, зулах, услах, чирэх, хатаах долоон дамжлага ажиллагаатай эсгийний нүүдлийн цех санаачлан ашиглаж хөдөлмөрөө хөнгөвчлөн бүтээмжээ нэмэгдүүлсэн байна. Сүхбаатарын одон, бусад одон, медалиар шагнагджээ.